Баривчилгааны үед гэмтсэн бүртгэлгүй гадаад ажилчны гэмтлийг үйлдвэрлэлийн осол гэж хүлээн зөвшөөрчээ
Ажил олгогчийн заавраар бүртгэлгүй гадаад ажилчин нь Хууль зүйн яамны баривчилгаанаас зугатаж яваад гэмтсэнийг ажлын байран дах үйлдвэрлэлийн осол гэж үзэх ёстой гэж шүүгчийн анхны шийдвэр гарлаа.
Өнгөрсөн 11 сард Хятадын иргэн Жан Шю Аи (23 настай) нь баривчилгааны үед гэмтсэнийг ажлын байран дах үйлдвэрлэлийн осол гэж хүлээн зөвшөөрч өгнө үү гэсэн өргөдөл гаргажээ. Үйлдвэрлэлийн ослын эмчилгээний төлбөр хүссэн уг өргөдлийг Хөдөлмөр нийгмийн халамжийн газар хүлээн аваагүйн эсрэг нэхэмжилсэн өргөдлийг дээд шүүх гомдол гаргагчийн талд хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.
(Фото: Oh my news Юн Сон Хю)
Жан Шю Аи нь 2005 оны 3 сард гадаад оюутны визтэйгээр Солонгост ирээд, сургуулиа орхин дараа жилийнхээ 2 сараас эхлэн Кённам аймгийн Чанвон дах нэгэн электроникийн үйлдвэрт ажиллаж байжээ. 2006 оны 5 сард Цагаачлалын албаны баривчилгааны ажилтнууд уг компанид орж ирэхэд бүртгэлгүй гадаад иргэн болох Жан нь барилгын 2-р давхраас агааржуулагчийн каблиар дамжиж байгаад 8м-ээс унаснаас болж зүүн гар болон хөл нь мэдээгүй болж, тархи нь хүчтэй гэмтсэний улмаас хэлний гажигтай болсон байна
Жан нь осолд ормогцоо Кённамын гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төвийн тусламжтайгаар Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт үйлдвэрлэлийн ослын эмчилгээний төлбөр хүссэн өргөдөл гаргажээ. Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас эмчилгээний төлбөр хүссэн өргөдлийг хүлээн авахгүйг мэдэгдмэгц Жан нь Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын эсрэг эмчилгээний төлбөр хүссэн өргөдлийг цуцалсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж анхан шатны шүүхэд ялагдсан боловч давж заалджээ.
Шүүх шийдвэр гаргасан үндэслэлдээ “Солонгос ажилчныг ажиллуулж чадахгүй байсан ажил олгогч нь тогтвортой, байнгын үйлдвэрлэл явуулахын тулд зугатаах заавар өгч, ажлаа хийж байсан Жан нь энэ зааврын дагуу зугатаж байгаад осолд өртсөн учраас ажлын байран дах осол гэж үзэх нь зохистой” гэжээ. Ажлаа хийж байхдаа юм уу ажилтай холбогдон үүссэн осол гэмтэл байх ёстой бөгөөд ажил болон осол гэмтлийн хооронд харилцан холбоо байх ёстой гэсэн үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулинд заагдсан ажлын байран дах осол гэсэн тодорхойлолтод бүрэн нийцэж байна гэж үзжээ.
Энэ удаагийн шийдвэрээс улбаалан өнгөрсөн хугацаанд баривчилгааны үеэр гэмтэж бэртсэн бүртгэлгүй гадаад ажилчдын үйлдвэрийн ослын нөхөн төлбөр хүсэмжилсэн өргөдлийн дараалал цуврах шинжтэй байна. Өнөөг хүртэл баривчилгаанаас зайлан зугатаж байгаад бэртэж гэмтсэн гадаад иргэдийн дараалал үүссэн боловч ажлын байран дах осол гэж хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байлаа.
Нэг талаас энэ удаагийн шийдвэр нь холбогдох байгууллагын “туулайн ан” хэлбэрийн баривчилгаанд ямар нэг нөлөө үзүүлэх болов уу гэж найдлага тавьж байгаа боловч бүртгэлгүй иргэдийг өргөнөөр илрүүлэн баривчлан буцаах зорилго тавиад байгаа засгийн газрын байр сууринд уг шийдвэр хэрхэн нөлөөлөхийг цаашид ажиглах хэрэгтэй болоод байна.