HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороон дарга С.Баярын Бээжинд өрсөлдөх тамирчидтай уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороон дарга С.Баярын Бээжинд өрсөлдөх тамирчидтай уулзахдаа хэлсэн үг
    Admin     2008/08/04 10:15 am

                                        Сайн байцгаана уу, эрхэм тамирчид, дасгалжуулагчид аа!

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, зорьсон үйлс, санасан хэрэг чинь сэтгэлчлэн бүтэхийн өлзийт ерөөлийг өргөн барья. Хүн төрөлхтний аугаа баяр, дэлхий ээжийн үр хүүхдүүдийн эв нөхөрлөлийн гайхамшигт үлгэр жишээ болдог Олимпийн наадмыг зорин мордохын тань өмнө Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа миний бие баяртай байна. Олон улсын олимпийн хөдөлгөөний 112 жилийн түүхэн дэх 29 дэх Их наадам наймхан хоногийн дараа өмнөд хөршийн Бээжин хотноо нээгдэх гэж байна. 29 дэх наадамд Монголын 29 тамирчин оролцох эрх авчээ. Бэлгэшээлтэй, сайхан тоо сонсогдож байгаа биз?

 

Монгол Улс хөгжил цэцэглэлтийн түүхэн шинэ эриний босгон дээр нэгэнт ирсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлж байна. Монголын тамирчдын ялалт, амжилтын түүх ч энэ удаагийн Олимпоос эхлэн цоо шинээр бичигдэх цаг ирсэн болов уу гэж монголчууд сүслэн итгэж байгаа. Монгол түмэн бэлгэ дэмбэрэлийг эрхэмлэдэг. Тэгэхээр эх сайхан нутаг, эгэл ард олны тань бэлгэ ерөөлийн хур Та бүхний Олимпийн наадамд амжилттай оролцох сүлд хийморийг түшиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Олимпийн наадамд оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг амаргүй ээ. Гэхдээ нөгөө талаар энэ бол хүссэн болгонд олддоггүй ховор аз завшаан. Басхүү том бахархал. Тамирчин бүхэн олимпод оролцохыг мөрөөддөг. Үүнийхээ төлөө өрсөлддөг. Тэр хатуу ширүүн өрсөлдөөн дундаас 2 сая гаруйхан хүнтэй Монголын минь 29 охид, хөвгүүд хүч, хурд, авхаалж самбаа, уран мэх, эрдэм оюунаараа шилдэг нь болон шалгарснаар бахархахгүй байхын аргагүй.

Та нараараа эх орон, ард түмэн чинь, Монгол Улсын Засгийн газар бахархан, үнэлж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

Энэ эрхэм сайхан үйлсэд манай дасгалжуулагчид, спортын анагаах ухааныхан, мэргэжилтнүүд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж, баяр хүргэе.

Тамирчдынхаа олимпод оролцох боломжийг хангах, бэлтгэл дасгалжуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн хүн бүхэнд, хандив тусламж үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага болгонд, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хорооны хамт олонд Засгийн газрын болон тамирчид Та бүхний нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголчууд 1964 оны Токиогийн олимпоос хойш 10 олимпод оролцсон. Энэ удаагийнх 11 дэх нь. 10 олимпоос манай тамирчид 15 медаль авсан. Энэ тоо "Бээжин-2008" олимпод нэг биш нэлээд хэдээр нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл монголчууд ийм таатай сайхан үйл явдал болно гэдэгт итгэж, найдаж, хүсэж байгаа юм.

Би аливаа зүйлийг урьдчилан тааварлах гэж оролдохыг нэг их хүсдэггүй хүн. Гэхдээ монгол хүн бүхний хүсэн хүлээдэг, бидэнд байгаагаас өөр өнгөтэй медалийг чухамхүү Та бүхэн л дэлгэр сайхан нутагтаа залан авчрах байх гэсэн итгэл төрөөд байгааг нуулгүй хэлье.

 

Энэ дашрамд та нартаа нэг шинэ мэдээ дуулгая гэж бодлоо. Америкийн "Sports illustrated" гэж дэлхийн спортын нэр нөлөө бүхий сэтгүүл байдгийг та бүхэн мэдэх байх. Энэ сэтгүүлийн долдугаар сарын 28-ны өдрийн дугаарт Бээжингийн олимпоос аль улсын хэн гэдэг тамирчин, ямар төрөлд алт, мөнгө, хүрэл медаль авах вэ гэсэн таамаглал, жагсаалт нийтлэгдсэн байна лээ. Тэр жагсаалтад Монгол Улсын тамирчин тэрний тэр аварга болж, алтан медаль зүүнэ гээд нэр усаар нь биччихсэн байна лээ шүү. Монголчууд "цагаан хэл ам"-наас жаахан цэрвэдэг учраас би нэр усыг нь хэлмээргүй байна.

Ямар ч байсан дэлхий ертөнц Монголын тамирчдыг үнэлж, энэ орноос Олимпийн аварга төрнө гэж баталж байгаа нь сайхан хэрэг шүү.

Энэ сайхан баяртай мэдээгээр би хэлэх үгээ өндөрлөе гэж бодож байна. Уяач хүн наадмын замд хурдан морио мордуулж байгаатай адил миний сэтгэл хөдөлж, догдолж байна. Олимпод бэлтгэх Үндэсний хорооны даргын хувьд Та бүхний уяа сойлгыг тааруулалцсан хүний нэгд өөрийгөө оруулан тооцож байгааг минь зөвөөр ойлгоорой. Уяач бүхэн морио түрүүлээсэй гэж боддогийн адил би ч бас та нарыгаа ялалт, амжилтаар дүүрэн байгаасай гэж залбирч байна.

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүний хувьд би ард түмэнтэйгээ хамт Та бүхнийхээ дээлийн захыг сайн мушгина аа.

Олимпийн тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг өргөн мандуулж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн нүд, чихнээ дуурсгаарай гэж хүсэн ерөөе.

                                                                                            Сайн явж, ганзага дүүрэн медальтай ирээрэй.

                                                                                             news.mn

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN