HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > [ Ярилцлага булан ] ИХанНа

    [ Ярилцлага булан ] ИХанНа
    Admin     2008/02/24 2:20 pm
 
[Ярилцлагабулан] ИХанНа
 
“Гадаад иргэдийг бусдын адил хүндэтгэх хэрэгтэй” гэдгийг олонд таниулаасай...
 
Энэ удаагийн дугаартаа “Пүчон гадаад ажилчдын гэр”т ажилладаг И Хан На хэмээх филлипин эмэгтэйг урьлаа. Ажлын өдөр завгүй байдаг түүнтэй амралтын өдөр гэрт нь очиж уулзсан юм. Тэрээр цэцгэн хээтэй обойгоор гэрээ тохижуулсан нь дотно дулаахан харагдаж байлаа. Солонгос эмэгтэйчүүдээс илүү гэр бүлдээ санаа тавьж байгаа тэрээр аль хэдийн солонгос хүн болсон нь мэдрэгдэж байлаа. Түүний чин сэтгэлийн ярианаас та бүхэнд толилуулъя.
 
1.        Солонгосд яагаад ирэх болсон бэ? Солонгос хүнтэй гэрлээд энд амьдрах амаргүй байсан биз?
 
Анхандаа солонгос хүнтэй гэрлэх бодол байгаагүй. 1999 онд сүм дээр анх нөхөртэйгээ танилцсан. Солонгос эрчүүд цэргийн албанд заавал явах ёстойг сонсоод бүгд цэрэг гэж боддог байлаа.(инээв) Бас нөхөр маань өндөр учираас бүүр сүрдмээр санагддаг байсан. Хурим хийгээд солонгост амьдрах уу хэмээн ихэд эргэлзэж байсан ч нөхрийнхөө намайг гэсэн чин сэтгэлийг мэдрэн эцэст нь амьдралаа холбох болсон.
 
Солонгост ирэн гэрлэснээс хойш нэг газартаа амьдарсан болохоор танил хүн ихтэй, дайралдах бүрт найрсагаар мэндэлцгээдэг. Анхандаа хүмүүс гадаад хүн гээд мэндэлдэггүй байсан. Захаар явж байхад миний тухай шивнэлдэцгээх нь маш хэцүү байдаг байлаа. Нэг удаа талхны дэлгүүрт ороод талхны үнэ асуутал цагийн ажил хийдэг оюутан охин хүндэтгэлийн үг хэрэглэхгүй байсанд уур их хүрсэн. Тэр үед ‘Чи хэдэн настай болчоод хүндэтгэлийг үг хэрэглэхгүй байна?’ гэж хэлмээр байсан ч тухайн үед солонгос хэл сайн мэдэхгүйн улмаас ‘ойлголоо’ гээд л өнгөрсөн. Харин одоо хүмүүс урьдын адил ‘филиппин хүн’ гэж шивнэлдэхээ больсон. Харин арьсны өнгөөр л ялгаатай гэж бодох болцгоосон.
 
Мөн амьдрах арга барилаас эхлээд соёл хүртэл бүгд өөр, дээр нь хэлний бэрхшээл их гарч хэцүү байсан. Бас хадам ээж болон нөхрийн дүүгийн хамт амьдардаг байсан болохоор таарч тохирохгүй зүйл их гардаг байлаа. Хадам ээж маань их үглэдэг, дээр нь мөнгөнөөс болж маргалдах үе их гардаг байсан.
 
Анх хэлний дамжаанд багшийн ажил хайхаар гарсан өдөр мөн л хадам ээжтэйгээ ам мурийн хүүхдээ тэврэн гарсан. Бухимдсан чигээр гэрийн ойролцоо байдаг хэлний дамжаанд очиж даргатай нь уулзаад ‘Би солонгос хэл сайн мэдэхгүй ч, англи хэл сайн мэднэ’ гэсэн. Тэгээд шалгалт өгөөд орсон ба надад итгэж ажиллах боломж өгсөн даргадаа одоог хүртэл баярлаж явдаг шүү.
 
2.        Одоо “Пүчон гадаад ажилчдын гэр”т ажиллан хуулийн зөвлөгөө өгч байгаа гэсэн. Түүнчлэн “филиппин гэрийн эзэгтэй нарын цугларалт”-г удирдаж байгаа гэж сонссон. Энэ талаар...
 
Өнгөрсөн жилийн зунаас “Пүчон гадаад ажилчдын гэр”т зажиллах болсон. Филиппин эмэгтэйчүүд цалингаа авч чадахгүй, хүчирхийлэлд өртөх, солонгос хэл сайн мэдэхгүй улмаас их олон бэрхшээлтэй тулгардаг. 2005 онд филиппин эмэгтэй өөрийгөө дүүжлэн амиа хорлосон явдлыг сонсон их харамсаж билээ. Би ч гэсэн солонгосд ирээд сэтгэл тавгүй үедээ зовлон жаргалаа хуваалцах найз байгаагүй. Тиймээс нутаг нэгтнүүддээ жоохон ч болтугай тус болох зорилгоор энд ажиллаж байна. Ажил маань багшийн цалинг бодвол бага ч надад урам их хайрладаг. Ийм ажил хийж байгаадаа бахархмаар үе зөндөө.
 
Ойрд завгүй, хүүхдүүдтэйгээ цагийг цуг өнгөрөөж чадахгүй байгаа. Амралтын өдрөө аль болох хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Хүүхдүүдээ бодоод ажлаа болимоор үе гардаг ч филиппин хүмүүсийн төлөө ажиллах ёстой гэсэн бодол намайг дийлдэг.
 
“Пүчон гадаад ажилчдын гэр”-с филиппин гэрийн эзэгтэй нарын цугларалтын удирдагч хийх санал тавьж хийх болсон. Солонгос хэл сайн мэдэх эмэгтэй надаас өөр байгаагүй байх. Энэхүү цугларалт байгуулагдсанаас хойш төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Ойр хавийн өнчин хүүхдийн болон өндөр настны асрамжийн газруудад сайн дурын ажил хийж байна. Энэ ажлыг хийхээс өмнө би өөрийгөө л боддог байсан бол одоо бүхнийг өөр нүдээр харах болсон. ‘Би ганцаараа энэ дэлхий дээр амьдраагүй, надаас илүү зовлонтой хүн байдаг’ гэдгийг сайн ухаарсан.
 
Бид англи хэлний багш бэлтгэх анги, гэр бүлийн харилцааг сайжруулах зорилготой “эхнэрүүдийн боловсрол”сургалт явуулж байна. Англи хэлний багш бэлтгэх ангид англиар ярьж чаддаг мөртлөө бусдад хэрхэн хичээл заах аргаа мэдэхгүй хүмүүст сургалт явуулахаас гадна харилцан мэдлэгээ солилцдог. Ингэснээр хэлний дамжаанд багшаар ажиллаж нутагтаа байгаа гэр бүлдээ мөнгө явуулах боломжтой болох юм. Солонгос эрэгтэйчүүд эхнэр нь филиппин руу мөнгө явуулахад их дургуй бөгөөд олон гэр бүл энэ асуудлаар салах тохиолдол бий. Филиппинд байгаа гэр бүлийнхэн солонгос хүнтэй суувал баяждаг гэсэн ойлголттойгоор мөнгө ирэхийг хүлээдэг. Филиппин эмэгтэйчүүд гэрийнхэндээ мөнгө явуулж байна гэж амласан учираас хүлээхээс ч аргагүй. Ийм асуудалтай хүн болгоны төлөө сургалтаа явуулах болсон.
 
Түүгээр ч зогсохгүй солонгос нөхрүүд ч бас эхнэрээ ойлгох хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн жилийн намраас эхлэн нөхрүүдэд зориулж сургалт явуулж эхэлсэн. Нөхрүүд ч бас эхнэрийнхээ байр суурийн талаар тодорхой ойлголттой болсноор гэр бүл салалт багасах боломжтой. Энэхүү хөтөлбөрийг би төвд хүсэлт гарган, хотын захиргаанаас дэмжлэг аван явуулж эхэлсэн. Одоо сургалтанд сурч байгаа нөхрүүд маань эхнэрүүдээсээ илүү идэвхитэй суралцаж байгаа. Энэ нь гэр бүлийн харилцааг улам ихээр сайжруулж өгч байна. Энэ бүгд надад ажил хийх хүч тэнхээ хайрладаг. Түүнчлэн нөхөр маань намайг цугларалтын удирдагчаар ажиллахад бахархдагт сэтгэл хангалуун байдаг.
 
3.        Гадаад ажилчдын талаарх солонгосын нийгэм дахь үзэл бодол өмнөхөө бодвол хэр өөрчилөгдсөн бэ?
 
Анх солонгост ирсэн үетэй харьцуулвал маш их өөрчлөлт гарчээ. 2004~2005 оны хооронд гадаад хүнтэй гэрлэгсдийн гэр бүлд зориулсан хөтөлбөрүүд ихээр хэрэгжиж эхэлсэн. Намайг солонгосын иргэний харьяалал авах үед солонгос хүнтэй гэрлэгсдээс шалгалт авдаг байсан бөгөөд Нумухён ерөнхийлэгчийн засаглалийн үеэс эхлэн шалгалтгүй болж тэдэнд зориулсан хөтөлбөр хотын захиргаанаас ихээр зохиогдох болсон. Тэгснээр хүмүүсийн хандлага, солонгос хүнтэй суусан эмэгтэйчүүдийн нөхөр хоорондын харилцаа сайжирч гэр бүлийн тогтвортой байдал үүссэн. Тэгэхдээ одоог хүртэл солонгосд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл арилаагүй. Сургууль болон  хөршүүд урьдын адил билээ. Найз охины маань хүүхэд сургуульд явдаггүй. Яагаад гэвэл тэдний хүүхдүүд өөртэй нь адилхан өнгөт арьстай болохоор ихэд эмзэглэдэг. Тиймээс тэд хүүхдээ хэвлийд байхад нь “намайг битий дуурайгаасай” хэмээн залбирдаг.
 
Гадаад ажилчид нь хичнээн өөр улсаас ирсэн ч бусдын адил хүндэтгэл хүлээгээсэй. Тэр дунд гадаад хүнтэй гэрлэгсэд, тэдний хүүхдүүд ялангуяа эрхээ эдлэх ёстой. Телевизээр “Гадаад иргэдийг бусдын адил хүндэтгэх хэрэгтэй” гэдэг ухуулга сурталчилгаа цацаж таниулаасай.
 
4.        2009 оноос эхлэн иргэний харьяалал авах гэж буй гадаад эмэгтэйчүүдээс шалгалт дахин авах болсон. Энэ талаар таны бодол?
 
Би ч гэсэн тэр талаар сонссон. Яагаад иргэний харьяат болох шалгалт дахин авах хэрэгтэй гэж? Хөдөө амьдардаг хүмүүс шалгалтанд бэлтгэж тэнцэх нь маш хэцүү зүйл билээ. Манай дээд сургуулийн найз солонгос хүнтэй гэрлээд хөдөө амьдардаг бөгөөд хийх ажил маш ихтэй. Хотод амьдардаг хүмүүс солонгос хэлний сургалтанд явах боломжтой байдаг. Харин хөдөөний эмэгтэйчүүдэд хүндрэлтэй. Миний бодлоор хөдөө амьдардаг гадаад эмэгтэйчүүд нь зөвхөн нөхөр хүүхдийнхээ л төлөө бүхнээ зориулдаг. Тийм хүмүүс яагаад иргэний харьяат болох шалгалт дахин өгөх хэрэгтэйг үнэхээр ойлгохгүй юм. Тэд солонгос хэл сайн мэдэхгүй, солонгос ёс заншил мэдэхгүйгээс асуудалд ордог гэл үү? Тэгвэл солонгосын хятадуудын дунд ч солонгос хэл, ёс заншилын талаар сайн мэддэг мөртлөө гэр бүл салалт их байдаг шүү дээ...
 
5.        Гадаад хүмүүст хандаж хэлэх үг?
 
 “Солонгос хүмүүс намайг ойлгох хэрэгтэй” хэмээн бодож болохгүй юм. “Намайг ойлгох хэрэгтэй, би тусламж авах хэрэгтэй” гээд хүлээж суухгүй бол  асуудлын цаана гарч чадна.
 
Солонгост ирэхдээ “Би филиппин хүн” гэсэн бодлоо орхисон. Миний адилаар солонгос хүнтэй суусан найз маань нөхрөөсөө салчихсан. Тэр надаас “Би салсан байхад чи яаж салахгүй сайхан амьдраад байна?”гэж асуусан. Миний бодлоор солонгос хүнтэй гэр бүл болоод амьдрах хэцүү ч бие биенээ ойлгож хамтдаа хичээвэл бүтэхгүй зүйл үгүй юм. Нөхөр нь гэртээ зүгээр суугаад кофе авчир гээд байхад мэдээж тэвчихэд хэцүү. Миний хувьд нөхөртэйгээ гэрийн ажлаа хувааж хийхээр ярилцаад одоог хүртэл тэр хэвээр байгаа. Тийм ч учраас манай гэр бүл бусад гэр бүлээс илүү аз жаргалтай эрүүл энх аж төрж байгаа гэж бодож явдаг. Үнэндээ баян биш ч гэсэн сэтгэлээрээ баян явдаг.
 
Зөвлөгөө өгөх явцад байнга хэцүү зовлонтой гэх хүн их. Мэдээж хэцүү байлгүй яахав...Харин тэрний эсрэг тэмцэх хэрэгтэй шүү дээ. Мөнгө олохоор ирсэн хүмүүс идэвхтэй ажиллан, амьдралаа холбох гэж холоос ирсэн нь насан туршийн ханиа гэсэн сэтгэлээр гэр бүлээ халамжлах хэрэгтэй. Тэр тусмаа нөхрийнхөө эцэг эхийг илүү хүндэтгэн хайрлах нь чухал. Энэ бүгд ганцхан эмэгтэйчүүдийн хариуцлага биш гэрийн эзэн ч гэсэн хамтдаа хичээснээр асуудал хурдан шийдэгдэх юм.
 
Дээр хэлсэнчлэн солонгос хүнтэй суусан филиппин эмэгтэйчүүдийг нутагтаа байгаа гэр бүлийнхэндээ мөнгө явуулахад дургуйцдаг нөхөр маш олон. Тэдний гэр бүл охиноо хөгжилтэй оронд амьдардаг болохоор мэдээж мөнгө явуулах бололцоотой гэж боддог боловч үнэндээ тийм биш шүү дээ... Баян биш байж мөнгө илүүчлэн явуулна гэдэг бэрх зүйл. Харин тэрний оронд санаа зовох зүйлгүй гэр бүлийнхэндээ мөнгө явуулж чадахгүй шалтгаанаа тодорхой тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Ажилсаг шоргоолж шиг өдөр шөнө алгасахгүй ажиллан хураасан мөнгөө өөрийнхөө ирээдүйн төлөө зарцуулах нь зүйтэй болов уу....
 
Мөн гадаад хүмүүс солонгосын ёс заншилаас маш сайн суралцах хэрэгтэй. Солонгосд амьдрах гэж л ирсэн юм чинь тэр улсын соёлоос суралцах нь мэдээжийн хэрэг юм. Миний хувьд солонгос хэл сураад ойлгодог болсныхоо дараа хадам ээжтэйгээ харилцаа сайжирсан. Урьд нь хэлсэнийг сайн ойлгодоггүй дуугуй загнуулдаг байсан бол одоо “Ээж минь дээ, тийм бишээ”гээд л инээгээд өнгөрдөг.
 
Би тариачин хүнээр жишээ авч ярих дуртай. Тариачин хүн үр жимсээ боловсруулахын тулд өдөр шөнөгүй газар ухаж хөлсөө урсгадаг. Тэгж зовсны эцэст ургац сайн хураадаг. Тиймээс та бүхэн “зовсны эцэст жаргал” байдагт итгэх хэрэгтэй. Эхний 2-3 жил хэцүү байдаг ч үүний дараа жаргал угтана гэдгийг ямагт санаарай.
 

 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN