HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо ажил болгоод хичээж зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм шүү

    Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо ажил болгоод хичээж зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм шүү
    Admin     2008/01/29 3:36 pm
  •  Баяраагийн булан
Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо ажил болгоод хичээж зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм шүү
 
Энэ дугаараасаа эхлэн Солонгос улсад ажиллаж, мөнгө хураан, эх орондоо очин ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн, эх орондоо тодорхой хувь нэмэр оруулж буй хүмүүстээ хийсэн ярилцлагаа хүргэхээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хэрэгцээтэй тоног төхөөрөмж, үнэ ханшийн талаархи мэдээллийг та бүхэнд толилуулах болно.
   Ингээд энэ удаагийн буландаа “Стандарт–Оёдол” ХХК-ийн захирал С.Тамиртай хийсэн ярилцлагаа хүргэе.
 
Товч танилцуулга:
Овог нэр: Сугаржавын Тамир
Төрсөн он сар өдөр: 1969.05.02
Хобби: Ном унших
Хэлэх дуртай үг: Зөн совиндоо итгэж бай.
Эрхэлж буй ажил: “Стандарт –Оёдол” ХХК-ийн захирал
 
Х.Б. Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?
С.Т. Сайн.Сайн байна уу.  Сайхан өвөлжиж байна.
Х.Б. Анх энэ үйлдвэрлэлээ байгуулах санаа яаж төрсөн бэ?
С.Т. Би хүмүүс шиг байр, машин аваад мөнгөгүй болоод буцаад Солонгос болон бусад орон руу явж ахиад л мөнгө хураахыг хүсээгүй. Ямар нэгэн үйлдвэрлэл эсвэл үйлчилгээний салбарт хүч үзнэ гэж бодож байсан. Солонгос улсад  даавууны үйлдвэрт ажиллаж байхдаа даавууны чанар, оёдолын талаар маш их мэдлэгтэй болсон.  Эх орондоо ирээд хүмүүсийн эрэлт хэрэгцээг судалж үзээд монгол гэрийн зөөлөн эдлэлийг хийх санаа төрсөн. Монголд 300 мянган өрх айл гэрт амьдардаг. Тэгээд ч гадуур бүрээсээ 1-3 жил болоод сольдог. Манай монгол гэр нь байгаль цаг уурын өвөрмөц эрс тэс, ширүүн уур амьсгалд олон талаар зохицсон шилдэг сууцны нэг юм. Гэр бол Төв Азийн Монгол угсаатны жинхэнэ өөрийнхөө гараар урлан бүтээсэн түүх соёлын өв уламжлал бөгөөд давтагдашгүй энэ чанараараа ази болон хүн төрөлхтөний орон сууц, уран барилга, архитектурын түүхэнд тодорхой хувь нэмэрээ оруулсан.Бас сүүлийн үед Монгол гэрийг гадаадын улсууд маш ихээр сонирхож экспортонд гаргаж байгаагийн дээр аялал жуулчлал ихээр нэмэгдэж, манай нэг бахархал болсон гэрт зочилж нүүдэлчин ардуудын соёлоос үзэж танилцахыг хүсэх болжээ. Иймд гэрийн зөөлөн эдлэл хийх үйлдвэрлэл байгуулахыг хүссэн.
 Х.Б. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиолдож  байсан саад бэрхшээлийнхээ талаар...
С.Т. Ер нь бэрхшээл их байсан. Одоо ч бэрхшээл тодорхой хэмжээгээр байна.  Эхлээд монгол гэрийн үүсэл хөгжил болон, түүхэн дэвшил хөгжлийн урт замыг туулахдаа түүний ур хийц хэлбэр хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн талаар ном зохиол их л судалж үзэх шаардлага гарч судалж үзсэн. Анх 2 ширхэг оёдолын машинтай 3 ажилчинтай эхлэж байх тэр үед    санхүүгийн хувьд эхлээд бэрхшээлтэй байсан ч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн банкны уян хатан зээлийн бодлого дэмжлэг үзүүлсэн. Зах зээлээ олох, чанартай бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдийн итгэл найдварыг олох гэж нэг жил гаран ашиггүй ажилласан. Аливаа бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхийг урьтал болголгүй бэрхшээлээс гарах өөр арга замыг эрэлхийлж нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлан ашиглах хэрэгтэй болсон.
Х.Б. Ер нь сайн тоног төхөөрөмж болон чадвартай сайн ажилчин байхад чанартай бүтээгдэхүүн гаргах нэг гол үндэс болдог. Энэ талаар таны бодол?
С.Т . Манайх зөвхөн монгол гэрийн зөөлөн эдлэлийг оёдог. Үүнд бүрээс, өрх, цаваг, хөшиг, бризент, хаяавч гэх мэт зөөлөн эдлэлийг оёдог. Тоног төхөөрөмжийн хувьд  Япон,Сингапур улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн  оёдолын машин 8, эсгүүрийн машин 2, болон хэрээсний 1 ширхэг машинтай. Боловсон хүчний хувьд үйлдвэрийн дарга ,оёдолчин, туслах ажилчин гээд 12 ажилчинтай.  Тохь тухтай орчинд хүн ажиллахдаа чанартай бүтээгдэхүүн гаргах нь мэдээж. Иймээс тохь тухтай ажиллах орчинг бүрдүүлэх, мөн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах тэдний ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр  гол анхаарлаа хандуулж ажилладаг. Зах зээлд чанартай өнгө үзэмж төгс бараа сайн борлогддог. Эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.
 
. Х.Б. Солонгос улсад хэдэн жил болсон, нууц биш бол хэр их хэмжээний мөнгө хураасан бэ?
С.Т. Солонгос улсад 4 жил гаран ажиллаж амьдарсан. Мөнгө хураахаас гадна Солонгосчуудын цаг барих, ажил хийх арга барил болон үйлдвэрлэл эрхлэх тодорхой хэмжээний туршлага дадлагад үнэгүй суралцсан шүү. Тэр хуримтлуулсан туршлага маань энэхүү бизнест их түлхэц өгсөн.
 
Х.Б.Уучлаарай . Манайд ямар нэгэн үйлдвэрийн эзэн буй захирал гэхээр ажилчидаасаа онцгойрч ялгарахыг хичээсэн нэг л өөр хүн байдаг . Өөрийг чинь анх хараад энэ үйлдвэрийн ажилчин юм болов уу гэж бодлоо.
С.Т. /инээж/ Хүн хүн өөр л байх. Миний хувьд ажилчдынхаа дунд орон хаана хүн хүч дутагдаж байна тэнд очин ажилладаг.Ажилчдынхаа дунд орж ажиллан тэдний сэтгэл санаа эрэлт хүсэлтийг мэдэхээс гадна цаг ашиглалт хөдөлмөрийн бүтээмж тодорхой хувиар нэмэгдэг. Солонгост ихэнх жижиг дунд үйлдвэрийн эзэд эзэн байж чаддаг бас ажилчин байж чаддаг. Ингэснээр хамтран ажиллагчид багын гишүүд нь бага цагт маш их бүтээмж гаргахаас эхлээд ажилдаа өөриймсөг сэтгэлээсээ ханддаг болдог.
Х.Б. Өөрөө Солонгост ямар ямар үйлдвэрт ажил хийж байсан бэ? Хүмүүс ярьдаг ш дээ ажлын цаг нь урт болохоор аяндаа ядардаг гэж .
С.Т. Голдуу даавууны үйлдвэрт ажилласан. Өдөрт доод тал нь 12 цаг биеийн хүчний хөдөлмөр хийж байж мөнгө хийдэг байсан. Нуулгүй хэлэхэд үе үе цаг руу хараад л хурдан тарахыг хүсдэг байлаа. Эзнийхээ төлөө ажиллаж байгаа юм шиг ажил хийдэг байсан нь одоо бодоход эзнийхээ төлөө биш өөрийнхөө төлөө хийж байжээ.Тухайн үед шантрах үе байсан ч  энэ бүгдийг даваад л гарсан. Хүн ер нь сэтгэлээрээ ядардаг болов уу. Бас цалин мөнгөний илүүг нь хараад ажлаа их сольдог нь эргээд цаг хугацаа болон мөнгөний алдагдал оруулдаг юм байна лээ. Мөрөөдлөө зорилго болгоод, зорилгоо ажил болгоод хичээж зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм шүү.
 
Х.Б. Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Hae Seung Kim
Supported by ONTOIN